Тэргүүн ламын мэндчилгээ



Мэндчилгээ
Сайн байцгаана уу ?
Эрхэм хүндэт сүсэгтэн олон та бүхнийхээ гэгээн амар мэндийг айлтган мэндчилье.
Өмнөговь аймгийн Бурхан шашинтны төв Маанийн хийд нь Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу, Сайн ноён хан аймгийн Балдан засгийн хошууны зааг одоогийн Ханхонгор сумын нутаг Базар хүйтний голд 1893 онд анх байгуулагдсан говь нутгийн эртний түүхтэй хийдүүдийн нэг бөгөөд эдүгээ Өмнөговь аймгийнхаа төв Даланзадгад хотноо суурьшин үйл ажиллагаа явуулж байна.
 
     Өмнөговь аймаг дахь Бурханы шашинтны төв хийдийн хувьд шашны энэрэн нигүүлсэх үзэл санаа, номын цагаан буяныг өвлөн дэлгэрүүлэх, говь нутгийнхаа уламжлалт зан заншил өв соёлыг хадгалан хамгаалах, хүн ардад оюуны болоод соёл,зан үйлийн уламжлалт үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
     Бид өвгөд дээдэс, багш нарын зааж сургасан шашин номын ариун дэг жаягийг цалгардуулалгүй мөрдөхийн зэрэгцээ орчин үеийн шинжлэх ухаан техникийн ололт, дэвшлийг уламжлалтайгаа хослуулахыг хичээдэг. Үүний нэг жишээ нь бид өнөөдөр хийдийнхээ мэдээллийн цахим хуудсыг нээж та бүхэндээ толилуулж байгаадаа баяртай байна.
    Энэхүү цахим хуудсаараа бид бурхны шашны энэрэн нигүүлсэх үзэл санаа, номын утга агуулгаас эхлээд шашин зан үйл тайлбар, танин мэдэхүйн тайлбар сэлт, хийдийнхээ үйл ажиллагаа зэрэг сүсэгтэн олонд хэрэгтэй мэдээллийг түгээж байх юм.
    Ингээд Маанийн хийдийн маань шинэхэн цахим хуудсанд зочилж буй эрхэм уншигч танд
    Саруул ухаантан номлол сонсход
    Самуурах сэтгэлийн шуурга арилна
    Савандаа мэлтийх амгалан далай шиг
     Санаа сэтгэл номхорч тэнийнэ Шагжамуни Будда өөрөө номлосон сургааль номын цомирлог Дармапада номын шад шүлгээр та бүхний маань юу санасан есөн цагаан хүсэл тань тэгш дүүрэн биелж байхын ерөөл дэвшүүлье.
 
                       ЛОВОН ЛАМ   А.ТӨМӨРБАТ