маанийн хийд танилцуулга

Маанийн хийд нь анх Түшээ гүний хошууны ноён болон гэлүн Сүндэв нарын санаачилгаар 1893 онд арав  шахам лам,  олон ардын хамт  Маань уншин анхны хурлаа хуран эхэлжээ.Үүнээс хойш 18жил нүүж яваад одоогийн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Базар хүйтний голд дуган байшин барин, хурал ном нэмэн тогтон суурьшин хурлаа хурах болжээ. Маанийн хийд нь тухайн үед Таван ховоотын хийдийн дэг жаягтай, Цогчин, Маани, Гүнрэг, Сахиус зэрэг хуралтай,Цогчин,Гүнрэг,Цэцэг,Хайлан хэмээх жастай зуу шахам лам хуврагтай хурал номын үйл ажилгаа явагдаж байжээ. Хийдийн үйл ажиллагааг, үүсгэн байгуулагч гэлүн Сүндэв, Намжил аграмба, Чойнбол нарын   тэргүүтэй эрдэмтэн мэргэн лам нар тэргүүлж явсан байна. Тухайн үед Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт 60 гаруй томоохон сүм хийд үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд нийгэмдээ сургалт,шашин зан үйл,шинжлэх ухаан,зан заншлын үйлчилгээг түмэн олондоо хүргэж байсан хэдий ч 1937 оны хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөн бүгд үгүй болсон юм.Бусад олон сүм хийдийг нөмөрсөн энэ бараан үйл  Маанийн хийдийг ч адил дайрч 1938 оны 4-р сарын 4нд  үүд хаалгаа хаасан боловч сүсэгтэн олны сэтгэлийн зул бөхөлгүй,лам хуврагийн ариун ёсон алдарсангүй явсаар 53 жилийн дараа ардчилал шинэчлэлийн урин хавартай золгосон юм.1990 онд буюу 17-р жарны Цагаан Морин жил түүхийн үнэт өв болох сүм хийдүүд сэргэж эхэлмэгц Өмнөговь  аймгийн Говь хөдөлгөөний санаачилгаар мөн оны 4-р сарын 19 буюу Хаврын дунд Шаргачин туулай сарын 24-ний Хөх барс өдөр Ханхонгор  сумын Мандах багийн нутаг Базар хүйтний голд хуучин хийд байсан буйран дээр суварга дуганы шавыг тавин, 1990 оны 7-р сарын 25 нд Хурал, Жасын тус бүр 1 гэртэйгээр байгуулагдан хурал номын  үйл ажиллагаагаа дахин сэргээсэн юмаа.Суварга дуганы шавыг Гандантэгчинлэн хийдийн их умзад лам Шаравсамбуу, Гавьж лам Жигмэл-Осор, лам Жамбаачойдор,  лам Рэгдэн, лам Сэджав, Чиндэг, Дамбий, Данзан-Осор, Чимэд-Осор, Гимбэл, Агваан, Лувсанцэрэн, Санчир, Түдэв, Агваанцэрэн нарын эрдэмтэн мэргэн лам тавилцаж байжээ. Мөн 1990 оны 10-л сард уг хийдийн  Жаранхашрын суваргыг МУ-н гавьяат барилгачин Санж, барималч Довчиндаваа ахлагч нартай урчууд бүтээж, Азийн Буддистуудын 8-р бага хурлын төлөөлөгч 10 гаруй орны 20 шахам лам нар ирж равнай өргөсөн. Тус хийд нь сүсэгтэн олныхоо хүсэлтээр буйр сэлгэн аймгийн төв Даланзадгад хотод шилжин ирж хурал номынхоо үйл ажиллагааг үргэлжлүүлэн тухайн үеийн аймгийн удирдлага, нутаг захиргааны байгууллагын дэмжлэг болон  сүсэгтэн олны хандиваар   шинэ дуганы барилгыг 2002 оны 12-р сарын 1-нд ашиглалтанд оруулсан юм.Мөн 2020 оны 11-р сарын 1-нд орон нутгын хөрөнгө оруулалттайгаар шинэ Жасын дуган ашиглалтанд орж нээлтийн үйл ажиллагаа болон равнай өргөх ёслол болов. Хийдийн  үйл ажиллагаа дахин сэргэсэн үеэс хойш хийдийн тэргүүн ламаар Жамбаачойдор, Д.Сэджав, И.Гүрбазар, Т.Түвшинжаргал, Л.Чинболд нар ажиллаж ирсэн бөгөөд одоогоор тэргүүн лам А.Төмөрбат тэргүүтэй 20 орчим лам хуврагатай  хурал номын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Маанийн хийд нь МБШТөв Гандантэгчэнлин хийдтэй уялдаа холбоотой ажиллан лам нарын мэдлэг боловсролд түлхэц болох үүднээс номын багш нараар уншлага, хурлын зан үйл, буддын гүн ухаан зэрэг хичээлүүдийг явуулан эхлээд байна. Үүгээр зогсохгүй   Сүсэгтэн олондоо зориулан Буддын шашны анхан, дунд, гүнзгий шатны цуврал хичээлүүдийг явуулж эхлээд байна. Мөн хийдийн унаган шавь  нар Энэтхэг улсад байх Сэра, Жүдод,Жүдмад гэх сургуулиудад амжилттай суралцаж байна.

Leave a Comment

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн